ЯНЗАГАХАН : Хямрал иргэдэд хэрхэн нөлөөлж буй талаар судалгааны ажил хийгджээ

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Хямралын талаар иргэдийн санал бодол, амьдралд нь хэрхэн нөлөөлж байгаа болон даван туулахын тулд юу хийж байгаа талаар бодит мэдээлэл судалгаа алга. Бодлого гаргагч нар, энэ талаар судалгаа шинжилгээ хийж буй хүмүүс барих тоо мэдээ, судалгаагүйгээр таамаглал хийх байдлаар дүн шинжилгээ хийж байна. Хямралыг даван туулахад нийгмийн сэтгэлзүй, иргэдийн бодол санаа, хүлээлт их нөлөөлдөг.

Иймээс Mongolian Marketing Consulting Group энэ оны 3-р сард хямрал иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар түүвэр судалгааг бүс бүсээс сонгогдсон 5 аймаг, Улаанбаатар хотод, нийт 2382 иргэдийн дунд явууллаа.
Энэхүү судалгаа нь бодлого гаргагч нар болон иргэдэд хямралын талаар бодит байдлыг таниулах, мэдээлэлээр хангахад чухал ач холбогдолтой гэж дүгнэж байна. Цаашид бизнесийн байгууллагуудад хямрал хэрхэн нөлөөлж буй талаар судалгааны ажлыг салбар тус бүр дээр  явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ тал дээр Олон улсын болон төр засгийн байгууллагууд бизнес эрхлэгчдийг хамтран ажиллахыг урьж байгаан байна.  

Судалгааны үр дүнгээс...

МОНГОЛ ДАХЬ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ, ТҮҮНИЙГ “ЗӨӨЛРҮҮЛЭХ” АРГА ЗАМ

Хямралын илрэл ба шалтгаан

Эдийн засгийн хямрал эхэлсэн эсэх талаар олон нийтийн санаа бодол  зөрүүтэй байгаа ч Монголд эдийн засгийн хямрал эхэлсэн гэдэгтэй маргах шаардлагагүй юм. Хямрал эхэлсэн гэдгийг харуулах хэд хэдэн илрэлүүд ажиглагдаж байна. Хямрал эхэлснийг харуулж буй гол дохио олон салбарт үйлдвэрлэл илт буурах хандлага ажиглагдаж, ажилгүйчүүдийн тоо урьд өмнөхөөс нэмэгдсэн явдал юм. 2008 оны 4-р улиралд ДНБ-ий хэмжээ 1.9 орчим хувиар буурсан бол энэ оны эхний улиралд олон салбарт үйлдвэрлэлийн уналт үргэлжлэн явагдаж байна.  Ажилгүйчүүдийн тоо оны эхэн үеийнхээс 4.9 мянгаар өсчээ.

Эдийн засгийн хямралтай зэрэгцэн банк санхүүгийн систем хямрах, төсвийн  тэнцэл муудах, гадаад валютын ханш өсөх зэрэг тааламжгүй үзэгдлүүд явагдаж байна. Банк санхүүгийн систем нь аль ч орны хувьд эдийн засгийн цусны эргэлтийн систем мөн. Америкаас эхтэй дэлхийн эдийн засгийн хямрал банк санхүүгийн системийн хямралаас үүдэлтэй. Монгол улс ч банк санхүүгийн тогтолцоондоо нүүрлэсэн эдгээр бэрхшээлүүдийг шийдвэрлэхгүйгээр хямралыг даван туулж чадахгүй. 

Дэлхийн хямралын үйл явцыг ажиглахад эрэлт, нийлүүлэлтийн тэнцэл алдагдсанаар бараа үйлчилгээний үнэ буурах хандлагатай байна. Инфляци буюу үнийн өсөлт ерөнхийдөө дотоодын эрэлт нийлүүлэлтээсээ давж, эрэлт нийлүүлэлтийн тэнцэл алдагдаж эхэлснийг харуулдаг. Гэтэл хямралд өртсөн орнуудын дийлэнхид нь үнэ буурах хандлагатай байгаа нь тэдгээр орнууд дахь хямрал эрэлт өссөнтэй бус харин буурсан холбоотой болохыг харуулж байна.
 
Дэлхийн эдийн засгийн хямралын эхэн үед Монголд инфляци харьцангуй өндөр түвшинд байсан бол сүүлийн үеийн тоо баримтуудаас үзэхэд инфляцийн хурд саарах хандлага ажиглагдаж байна.

Монгол улсын хувьд дотоодын нийт нийлүүлэлт нь импортын болон дотоодын үйлдвэрлэл гэсэн 2 үндсэн эх сурвалжтай байдаг. Манай улсын дотоодын үйлдвэрлэлд импортын тоног төхөөрөмж, түүхий эд материал, сэлбэг эд ангиудыг өргөн хэрэглэдэг тул сүүлийн үед ажиглагдаж буй гадаад валютын ханшны огцом өсөлт нь цаашид үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж, улмаар инфляцийг хөөрөгдөх магадлалтай.

Валютын ханшны өсөлтийн гол шалтгаан нь экспортын орлого хумигдсан, гадаадаас орж ирэх валютын урсгал саарсантай холбоотой. Экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн үнэ унаад байхад нефтээс бусад импортын барааны хувьд үнэ төдийлөн буурахгүй байна. Ийм байдлын улмаас валютын нөөц түргэн хурдацтай буурч, байдал хүндрэх төлөвтэй боллоо.

Эрх баригчид гадаад валютын ханшийг өсгөх замаар импортыг бууруулж, экспортыг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцлийг сайжруулна гэж тооцож байгаа боловч энэ нь хэрэгжих магадлал муутай. Онолоор бол валютын ханш өсөхөд тодорхой барааны дотоодын хэрэглээ буурч, экспорт нь нэмэгддэг гэж үздэг боловч манай улсын экспортын дийлэнх хэсгийг зөвхөн гадаад зах зээлд зориулан үйлдвэрлэдэг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг тул валютын ханшны өсөлт экспортыг урамшуулах нөлөөлөл багатай.    

Өнгөрсөн 2008 онд инфляци албан ёсны статистикт дурдсанаар 22 орчим хувьтай байсан бол хадгаламжийн жилийн хүү 10-15%-иас хэтэрсэнгүй. Хадгаламжийн хүү доогуур түвшинд байсан нь банкинд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж, банкны системээс гадуурхи бэлэн мөнгөний хэмжээг нэмэгдүүлжээ. Хэдийгээр банкнаас гадуурхи бэлэн мөнгөний хэмжээ их байгаа боловч хөдөөгийн малчид, ХАА-н салбарт ажиллагсад, барилгын салбар мөнгөөр гачигдсан хэвээр байна. Өөрөөр хэлбэл мөнгө зарим салбаруудад, хүн амын зарим хэсгийн гарт төвлөрчээ. Хүмүүсийн гар дээр байгаа мөнгийг эргэлтэд татаж оруулахгүйгээр эдийн засгийг эрүүлжүүлэх нь бэрхшээлтэй. Оны эхээр Төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн нь банкны систем дэх нийт зээлийн болон хадгаламжийн хүүг нэмэгдүүлж, хүмүүсийн гар дээрх бэлэн мөнгийг эргэлтэд татан оролцуулахад чухал ач холбогдол бүхий арга хэмжээ болсон. Нөгөө талаас зах зээл дэх бэлэн мөнгөний хэмжээг бууруулах нь үнийн өсөлтийг сааруулахад эерэгээр нөлөөлнө.     

Гэхдээ зээлийн хүүгийн өсөлт зардлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг бууруулж болзошгүйг анхаарах хэрэгтэй. Энэ нь бизнесийн өргөжилтийг хязгаарлаж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх боломжийг хязгаарлах нөлөөлөл үзүүлэх болно. Ажилгүйдэл өндөр хэмжээнд байвал энэ нь цаашдаа Засгийн газарт хүн амын амьжиргаа, нийгмийн асуудлуудтай холбоотой хүнд дарамтыг учруулах болно.  

Төв банкны мөнгөний бодлогынхоо хүрээнд ерөнхийдөө Монгол банкны ерөнхийлөгчийн саяхан өгүүлсэнчлэн инфляци болон ажилгүйдэл гэсэн 2 муу зүйлээс ажилгүйдлийг нь сонгож авсан гэж хэлж болно. Гэхдээ инфляцитай тэмцэхэд чиглэсэн мөнгөний бодлого хямралын нөхцөлд хүн амын амьжиргааны тогтвортой байдлыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй.
 
Эдийн засгийн нөхцөл байдалд гарсан өөрчлөлтүүдтэй холбоотойгоор Засгийн газар төсвийн бодлогынхоо хүрээнд өргөн хүрээтэй хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлж эхэллээ. Төсвийн зарлагыг бууруулах нь аж ахуй эрхлэгчдэд үзүүлж буй татварын дарамтыг бууруулах, хүнд бэрх үед бизнесээ хамгаалж, бэрхшээлээ зөөллөхөд нь чухал ач холбогдол  бүхий арга хэмжээ юм. 

Хямралын талаархи олон нийтийн санаа бодол

Эдийн засгийн хямралын талаархи Монголчуудын санаа бодлыг нэгтгэхэд бэрхшээлтэй байна. Mongolian Marketing Consulting Group, “MMCG” компаниас энэ оны 3-р сард Улаанбаатар хот, Орхон, Завхан, Баянхонгор, Сүхбаатар, Дундговь аймгуудын 2382 иргэдийн дунд явуулсан санал асуулгын судалгааны үр дүнг нэгтгэж үзээд ийм дүгнэлтийг хийхэд хүрлээ.   

Уг судалгаанд оролцогчдын 24.9% нь Монгол улс хямралын өмнө тулж ирээд байна гэж үзсэн бол 41.8% нь хямрал эхэлсэн гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Харин уг санал асуулгад оролцогчдын 25.6% нь эдийн засаг түр зуурын хүнд байдалд байна гэж үзсэн бол ердөө 1.3% нь байдал тогтвортой байна гэж дүгнэсэн байна. Харин санал асуулгад оролцсон нийт иргэдийн 6.4% нь нөхцөл байдлыг хэрхэн дүгнэхээ хэлж мэдэхгүй байна гэж хариулжээ.

Хямрал эхэлсэн гэж үзсэн иргэдийн хувийн жин хөдөөнөөс хотод, сэхээтнүүдийн дунд, 18-45 насныхны дунд илүү өндөр хэмжээнд байна. Тухайлбал, Дундговь аймагт оршин суугчдын 28.6% нь хямрал эхэлсэн гэж үзсэн бол хотын иргэдийн 45.8% нь ингэж үзсэн байна. Дээд боловсролтой иргэдийн 45% нь хямрал эхэлсэн гэж үзсэн бол бүрэн бус дунд боловсролтой иргэдийн 9.4%, бага боловсролтой болон боловсролгүй иргэдийн ердөө 0.4% нь хямрал эхэлсэн гэж үзжээ.

Судалгаанд оролцсон иргэдийн ердөө 2% нь хямрал өөрсдийнх нь амьдралд нөлөөлөхгүй байна гэж үзсэн бол 30% нь маш хүчтэй нөлөөлж байна гэжээ. Хямрал эхэлсэн гэж үзсэн иргэдийн 61.3% нь өөрсдийн олох орлогын хэмжээг буурсан гэж мэдэгдсэн.

Хямрал хэрхэн нөлөөлж байна гэсэн асуудалд 27,6% нь орлого буурсан, 19% нь мөнгө илүүчилж хадгалаж чадахаа байсан, 14% нь хувцас хунар худалдаж авахаа байсан, 12,2% нь хоол хүнсээ бууруулсан, 9,7% нь зээлээ төлж чадахаа байсан гэсэн хариултуудыг өгсөн байна.

Монголын эдийн засагт хямрал үүссэн шалтгааныг иргэд Дэлхийн эдийн засгийн нөлөөлсөн гэдгээс илүүтэй Засгийн газрын үйл ажиллагаа муу байсан, сонгуулийн амлалтаар, улс төр хийж их хэмжээний бэлэн мөнгө нийгмийн халамжид үргүй цацсан зэрэгтэй холбож үзжээ.

Санал асуулгын судалгаанд оролцогчдын 18% нь хямрал 3-аас дээш жил, 22% нь 2-3 жил, 35% нь 1-2 жил, 20% нь нэг жил хүртэл үргэлжилнэ гэж таамагласан байна.

Судалгаанд оролцогчдын 38.1% нь хувь хүнийхээ хувьд хямралыг даван туулахын тулд илүү зардлаа багасгах шаардлагатай гэж үзсэн бол ердөө 26.0% нь орлогын нэмэлт эх үүсвэр хайж байна, 17.9 хувь нь л нь урьд урьдынхаасаа илүүтэй хөдөлмөрлөж байна гэж мэдэгджээ. Хэмнэх нь хямралыг даван туулах зам гэж үзэж байгаа нь эргээд эдийн засгийн эргэлтийг улам сааруулна. Ухаалаг зарцуулалт хийх, урьд урьдынхаасаа илүү хөдөлмөрлөж, орлогын нэмэлт их үүсвэрүүдийг болгох нь хямралыг даван туулах зам гэж үзэж буй бүлгүүдийн хувьд хямралын нөлөөлөл бусад бүлгүүдээс арай бага хувьтай байна.

Судалгааны үр дүнгээс үзэхэд хямрал, түүнийг даван туулах арга замын талаархи ойлголт, мэдлэг, хямралын үргэлжлэх хугацааны талаархи хүлээлт иргэдийн дунд харилцан адилгүй байна. Энэ нь тэдний боловсрол мэдлэг, олж авч буй мэдээлэл, хямралыг даван туулахын тулд гаргаж буй хүчин чармайлттай зэрэгтэй нь холбоотой болов уу. Хямралын үргэлжилэх хугацаанд иргэдийн хүлээлт их нөлөөтэй байдаг. Иргэдийн дунд хямрал урт удаан хугацаагаар үргэлжилж магадгүй гэсэн хүлээлт бий болсон нь худалдан авалт, хөрөнгө оруулалтыг бууруулж, хямралын үргэлжлэх хугацааг удаашруулж болзошгүй юм. Тиймээс иргэдийн сэтгэл зүйг өөрчлөх, хэмнэ гэхээс илүүтэй, ухаалаг зарцуулья, зогсолт ярихаасаа илүүтэй, залхуурч суулгүй урьд урьдынхаасаа илүү хөдөлмөрлөж байж давна туулна гэсэн бодлыг бий болгох хэрэгтэй байна.

Хямралыг зөөлрүүлэх гарц, шийдлүүд

Дээр өгүүлсэн баримтуудаас үзэхэд төр засгийн түвшинд ч, олон түмний дунд ч “бүсээ чангалах” аргаар хямралыг даван туулах гэсэн санаа түгээмэл шинжтэй болжээ. Хэдийгээр “бүсээ чангалж” ирээдүйн өсөлтөд хэрэгцээтэй нөөц хуримтлалыг бий болгох нь чухал боловч хөрөнгө оруулалтыг хийж эдийн засгийг тэлэхгүйгээр, орлогыг нэмэгдүүлэх өөр арга замуудыг эрж сүвэгчлэхгүйгээр хямралыг богино хугацаанд даван туулж чадахгүй.  

Одоогийн нөхцөлд дан ганц эдийн засгийн дотоод зохицуулалтын арга хэрэгслүүдийг ашиглах замаар хямралыг зогсоох буюу сааруулах боломж хязгаарлагдмал гэдгийг шууд хэлэх хэрэгтэй.

Тэгвэл бид одоо юуг хийж болох, юуг хийж болохгүй вэ? Бидний бодож байгаагаар хийж болохгүй хэд хэдэн зүйл байна. Үүнд:

  • Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж болохгүй
  • Татварын ачааллыг нэмэгдүүлж болохгүй
Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нь тэртээ тэргүй их хэмжээнд байгаа бэлэн мөнгийг улам бүр ихэсгэж, инфляцийг улам бүр хөөрөгдөх болно. Ийм арга хэмжээг хэрэгжүүлэх нь “гал дээр тос нэмэх”-тэй ижил хариуцлагагүй алхам гэдгийг сануулах нь зүйтэй. Ялангуяа бизнесийн өндөр эрсдэлтэй өнөөгийн нөхцөлд банкны секторт мөнгөн тусламж үзүүлэх нь эргэн төлөгдөхгүй зээлийн хэмжээг ихэсгэж, байдлыг бүр ч дордуулж болох талтай. 

Харин татварын ачааллыг нэмэгдүүлэх нь тэртээ тэргүй хүнд байдалд байгаа бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг нэгмөсөн боомилох болно. Төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор ийм шийдэл гаргавал энэ нь магадгүй өнөөгийн нөхцөлд байж болох хамгийн муу шийдэл юм.

ОУВС-аас саяхан боловсруулан гаргасан тайлан илтгэлд 2009 онд дэлхийн эдийн засаг 0.5-1.0 хувиар буурч, 2010 он гэхэд сэргэх замдаа орно байх гэсэн таамаглалыг хийжээ. Тэгэхлээр бид хямралыг өнөө маргаашгүй даван туулна гэж тооцож, асуудалд хариуцлагагүй, бэлтгэлгүй хандаж болохгүй юм. Монгол улс түүхий эд экспортлогч орон тул уналтад ороод байгаа аж үйлдвэржсэн орнуудын үйлдвэрлэл нь сэргэж, түүхий эдийн үнэ өссөн цагт хямралаас гарах болно. Тиймээс бид магадгүй хамгийн сүүлд хямралаас гарч болох юм. Гэхдээ дан ганц уул уурхай, түүхий эдээ гаргах асуудалд санаа тавих биш, бусад салбарууд, дэд бүтэц, эрчим хүчинд хөрөнгө оруулалт хийх, мөн дотоодын аж ахуй нэгжүүдээ дэмжих байдлаар иргэдээ ажилтай, орлоготой болгоход төрийн зохицуулалт, дэмжлэг хэрэгтэй байна.

Хямралыг даван туулахын тулд бид биелэгдэшгүй олон зүйлсийг төлөвлөж, уртаас урт жагсаалт бүхий төлөвлөгөө боловсруулах шаардлагагүй. Сайтар боловсруулсан шинжилгээ судалгаанд түшиглэн хэрэгжүүлж болох, үр дүнгээ өгч чадах цөөхөн арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь хамгийн чухал.       
    
Монголын эдийн засгийн нөхцөл байдлаас үзэхэд зарим нэгэн ноцтой гажуудал ажиглагдаж байна. Тухайлбал Монгол төгрөгөөр бид бараа болон долларыг худалдан авах ёстой байтал дотооддоо төгрөг, доллароор барааг худалдан авдаг болоод удаж байна. Хэдийгээр Монголбанк доллараар гүйлгээ хийхийн эсрэг шийдвэртэй тэмцэж байгаа боловч төгрөгөнд итгэл алдарсан байдал, бараагаа үнэ хүргэж зарах гэсэн сэтгэлгээ хоёр тогтсон уламжлалыг амь бөхтэй хадгалсаар байна.  Дотоодод долларыг төлбөрийн хэрэгсэл болгон ашиглаж байгаа нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, валютын хомсдлыг үүсгэж, ханшийн болон үнийн өсөлтийг хөөрөгдөж, таваарын хомсдол бий болгох нөлөөтэй. Тиймээс бодлогын хувьд долларыг дотоодын гүйлгээнээс шахах арга хэмжээг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлж, бараа болон доллар хоёрыг “жигнүүрийн туухай”-ны 2 талд гаргах нь хямралыг сааруулахад ач тустай байх болно. Энэ бол бидний эн түрүүнд хийх ёстой эхний алхам.

Хоёр дахь алхам нь гаднаас ихээхэн хэмжээний зээл тусламж авч, валютын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх явдал мөн. Валютын нийлүүлэлт нэмэгдсэнээр ханшийн өсөлт саарч, улмаар үнэ тогтворжих болно. Инфляци саарвал зээлийн хүү буурна, хөрөнгө оруулалт нэмэгдэж, нийлүүлэлт өсч, эдийн засгийн хямралаас гарах нөхцөл бүрдэнэ. 1997-1998 оны Азийн хямралын жилүүдэд Солонгос зэрэг орнууд гаднаас ихээхэн хэмжээний зээл авч, хямралыг амжилттай давж чадсан түүхэн туршлага бий.

Олж авсан зээл, тусламжаа үр дүнтэй, зөв зарцуулах нь түүнийг олохоос ч дутуугүй ач холбогдолтой зүйл. Түүнийг бид дээр өгүүлсэнчлэн банкны секторт өгч болохгүй. Харин малчдаас мах, ноолуур, тариаланчдаас үр тариа, хүнсний ногоог нь худалдан авч тэднийг өрийн дарамтаас чөлөөлөхөд зарцуулах хэрэгтэй. Энэ нь шууд бус хэлбэрээр банкны сектор, эдийн засгийн бусад салбаруудыг дэмжсэн алхам болно. Шууд хэлбэрээр үнийн өсөлт, хүн ам, эмзэг бүлгийнхнийг амьжиргааны доройтлоос хамгаалах алхмыг хэрэгжүүлж байна гэнэ үг. Мөн зээл тусламжийн орлогоо хөрөнгө оруулалтын зориулалтаар ашиглаж, бодит сектор, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд зарцуулах нь чухал.

Ер нь дэлхийн зах зээлд экспортын барааны үнэ уначихаад байгаа өнөөгийн нөхцөлд валют олохын тулд бараагаа хямд зарах шаардлагагүй. Хятад улс хямд үнэтэй түүхий эд нөөцлөн хурааж байгаа энэ цаг үед бид хямд үнэтэй байгаа экспортын бараагаа үнэ хүрсэн үед нь зарж борлуулахаар нөөцлөн хадгалж болно. Үүний тулд зээл тусламжийг аль болох ахиухан авч хэрэглэх нь зүйтэй.                  

Боловсруулсан:  Н.Батнасан  2009-04-13

Жич: Нэмэлт мэдээлэл авах болон хамтран ажиллах сонирхолтой байгууллага, хүмүүс Mongolian Marketing Consulting Group, “MMCG”-ны хаягаар хандаж болох юм байна.
start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Зочин (зочин)

Ямар их юм бичээ энэ лаг улс төр эдийн засаг ярисан лааг толгой байна ингээл боджийсан чинь хаха юу вэ н харин хоопи пааст хийцэн хаха

maral (зочин)

blog design chin ymar goyiin havar zunii ungunuud bnaa

yanzagkhan (зочин)

garchignaasaa oilgomjtoi bgaazde zochin guai yarivalch bas yarina shde Maralaa bayarlalaa

Sassy (зочин)

Хэдий хямрал болж байгаа ч гэсэн хямрал хямрал гэж толгойгоо "шаал"гүйгээр өөдрөг сэтгэлтэй байвал... Бас бүсээ чангална гээд юм худалдаж авахаа зогсоовол нөгөө дотоодын үйлдвэрүүд нь орлогүйдээд бас хямрал нь нэмэгдэх магадлалтай л юм. Заза би ч юугаа мэдхэв. хэхэ Өнөөдөр чинь Earth Day шдэ. Дэлхийдээ хайртай!!!

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com