ЯНЗАГАХАН : ИХ УЛС ТӨР ДАХЬ SEX /1-р хэсэг/

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

ИХ УЛС ТӨР ДАХЬ SEX /1-р хэсэг/

Миний бие "Их улс төр дахь sex" хэмээх маш сонирхолтой ном уншсан юм. Ирина Хакамадагийн бүтээл бөгөөд үүнийг орчуулагч Ё.Одончимэгийн орчуулсанаар та нарт цуврал хэлбэрээр хүргэе.

Товч намтар нь:

Ирина Муцуовна Хакамада 1955 оны 4-р сарын 13 - нд Москва хотод төрсөн. Түүний эцэг Муцуо Хакамада японы коммунист байсан бөгөөд 1939 онд ЗХУ-д улс төрийн шалтгаанаар цагаачлан ирж  оросын иргэн болон суурьшсан, 1991 онд насан эцэслэсэн. Эх нь Синельникова  Нина Иосифовна, багш мэргэжилтэй. Нөхөр нь Сиротинский Владимир Евгеньевич, санхүү эдийн засгийн зөвлөх, менежер.  Хүү Данила нь  Москвагийн Их Сургуулийг төгссөн. Охин Мария нь одоо 10 настай.  Ирина Хакамада эдийн засагч мэргэжлээр Патрис Лулумбын нэрэмжит Улс ард түмний найрамдлын их сургуулийг төгссөн. Эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн. 1983 онд Москвагийн Их Сургуульд улс төрийн эдийн засагч мэргэжлээр доцент цолыг хамгаалсан. Англи, франц хэлтэй. 1993 оноос эхлэн ОХУ-н Төрийн Думын гишүүнээр 3 удаа сонгогдон хариуцлагатай албан тушаалуудад томилогдож байсан. 1995 онд “Time” сэтгүүл түүнийг 21-р зууны улс төрчөөр тодруулж, 1996 онд дэлхийн хамгийн их нэр төртэй 100 эмэгтэйн тоонд оруулж байсан. 2004 онд ОХУ-н ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж 4 сая гаруй санал авсан.

“Оны шилдэг эмэгтэйгээр” нэг бус удаа тодорч байсан. Улс төрийн үйл ажиллагааныхаа хажуугаар Москвагийн Олон Улсын Харьцааны Дээд Сургуульд багшлах болон ном бичиж байсан. “Их Улс Төр дахь SEX” /хүйс/, “Хайр сэтгэл. Тоглоомын гадна” зэрэг номууд нь бестселлер болсон. Хоёрдахь номоороо, өөрөө найруулж бүрэн хэмжээний уран сайхны кино хийхээр төлөвлөөд байна. 2008 онд улс төрийн үйл ажиллагаагаа зогсоосноо мэдэгдсэн. Эдүгээ, орчин үеийн Орос улсад хэрхэн, эрх чөлөөгөө хадгалан үлдэн, амжилтанд хүрэх тухай мастер – класс уншдаг. Москвагийн Олон Улсын Харилцааны Их Сургууль болон “Сити – класс” хэмээх трейнингийн компани, Засгийн Газрын дэргэдэх Санхүүгийн Академийн Олон Улсын Бизнесийн сургууль зэрэгт багшлахаас гадна бусад сургуулиудад видеокурс уншдаг. 2008 онд, мастер – классуудынхаа материалуудаар “Их хот дахь SUCCESS” ном гаргасан нь мөн л бестселлер болсон. “Серебряный дождь” радиогоор нэвтрүүлэг хөтлөх, телевизийн нэвтрүүлэгт оролцох, хөтлөх гэх зэргээр зав зайгүй ажилладаг эмэгтэй...

Кремлийн хэлний синхрон орчуулга

 1-р хэсэг

Түүний нэрийг бидний хэн нь ч мэдэхгүй... Гэвч энэ, жижигхэн биетэй, нүдэнд бараг үзэгддэггүй, дуу хоолой нь ч сонсогдох нь ховор, хий үзэгдэл шиг хүнээс улс төрчдийн хувь заяа шалтгаалдаг гэж хэлж болно. Тэрээр Кремльд хэдэн арван жилийн турш төрийн түшээд болон ард түмнээс сонгогдогсдын нэр бүхий жижигхэн цаас-пайзыг  хурлын танхимын ширээн дээр байрлуулж байгаа хүн. Заримдаа тушаалын дагуу, ихэнхдээ өөрийн цуглуулсан мэдээллийн дагуу буюу Кремлийн Эзний өнөөдрийн ааш аягийг хэрхэн мэдэрснээрээ нэрсийг байрлуулна. Эзний суудлаас тухайн нэр хүртэлх зай бол Эзэн тэр хүнд хэр тааламжтай хандаж байгааг харуулдаг гол үзүүлэлт юм. Энэ зай богиноссон байвал Эзэн танд сэтгэл хангалуун байна гэсэн үг. Зай уртассан байвал та Эзний хайр хишгийг алджээ гэж ойлгоно.

Сурсан дассан суудалдаа очоод суух гэтэл  хаанаас ч юм бүү мэд мөнөөх хий үзэгдэл шиг хүн гарч ирээд ширээний зах хязгаар руу заагаад “ Өнөөдөр таны суудал тэнд”,-гэх. “Юу, яагаад тэнд гэж? Би яачихсан юм?”,-хэмээн мянга асуугаад нэмэргүй, хариу сонсоно гэж үгүй. Хий үзэгдэл - хүн дув дуугуй, ялын тогтоолыг хэрэгжүүлэх мэт, нэрийн пайзыг нь зохих газарт нь тавьчихаад л яваад өгнө. Өглөө болгон бид энэ “орос рулетка” тоглох. Хамгийн хүйтэн душ, хамгийн хар кофеноос илүү сэрээдэг эд дээ. Иймэрхүү “тоглоомонд” төрийн түшээд алхам тутамдаа оролцоно. Тэдний бүхий л амьдрал нь тоо тоолол, нууц шифр тайлах, усан тэмдэг олж харах, хэт авиа чагнах гэм мэт амин чухал ажлаар дүүрэн.

Засгийн газрын анхны /миний хувьд анхны/ хуралдаануудын нэг дээр Петр Мостовой надад хэлж билээ: ”Илтгэлүүд эхлэхээр Степанычийг л хараад байгаарай. Толгойгоо дохивол - бүх юм ОК гэсэн үг. Сэрдхийгээд, илтгэл тавигч руу ширтээд л, санаа алдаад явчихвал өнгөрөө гэсэн үг, тэр хүн “хусагдахад” бэлтгэсэн нь дээр.” Энэ мэтээр суралцсаар, би тун удахгүй Кремлийн хэлнээс синхрон орчуулгыг төвөггүй хийдэг болсон юм.

Хэрэв та, засгийн газрын хуралдаанд асуудал оруулж байгаа бол, таны асуудал хэддүгээрт хэлэлцэгдэхээр тавигдсан нь нэгийг хэлээд өгнө. Эхний гуравт багтаж байгаа бол та хүндлэгддэг юм байна гэсэн үг. Тав, зургаад байвал юм олж долоохгүй: нэг бол таны асуудалд хүрэхээс өмнө үлдсэн асуудлуудын хэлэлцүүлгийг хойшлуулаад хуралдаан тарчихна, үгүй бол хүмүүс таныг “амьтны доог” гэж үздэг болохоор таны асуудал хэнд ч сонирхолтой биш гэж “орчуулагдана”.

Илтгэл тань илүү дутуу үггүй, утга тодорхой, эмх цэгцтэй байх ёстой. Ямар нэгэн уран халил байж болохгүй. Аялга - онцгой илэрхийлэлгүй, ямар ч паузгүй, нэгэн жигд хэмнэлтэй. Нүд текстээс үл сална. Хэрэв таны илтгэлийн үед хүмүүс тэмдэглэлийн дэвтэр, үзэг сэлтээ далд хийгээд, ноутбукээ шагайгаад сууж байгаа бол та засгийн газарт “жижиг хүн” гэдэг нь харагдана. Ерөнхий сайд: “ Илтгэл чинь дууссан уу? Хэлэлцчихсэн үү? Болж байна, болж байна, цааш нь ажилла”, - гэвэл тайвширч болно - та морьтойгоо байна гэсэн үг. Харин: ” Илтгэл чинь дууссан уу? Хэлэлцчихсэн үү? За- ааа-даа, жаахан нэмж ажиллах уу даа, нөхдийнхөө санал бодлыг тусгаарай”, -  гэж хэлбэл таны асуудал унажээ гэж мэднэ.

Танаас гишүүд өчнөөн юм асуугаад байвал бүр баларчээ гэсэн үг: өчигдөр  таны эсрэг явуулга  хийгджээ. “Маргаашийн тэрний илтгэл гэж тэр чигээрээ балай юм байгаа шүү, чи яахаа ойлгож  байгаа биз дээ?”,- гэх маягийн мессеж тараагдсан байна гэж бодох хэрэгтэй. Мессеж авсан хүмүүс бүгдийг “ойлгосон”  гэдгээ харуулж байгаа нь тэр. Засгийн газрын хуралдаан маш хатуу найруулгаар явагддаг. Сценариас гажиж дураараа аашлах зүрхтэй хүн байхгүй. Хэн “олон юм ярьж” болох, хэн болохгүй, хэний өөдөөс үг сөрж болох, хэний өөдөөс хэрхэвч болохгүй- гээд бүх зүйл хатуу дүрмийн дагуу явагддаг.

Таныг дэмжих мессеж явагдсан бол танаас хэдхэн юм л асууна, тэр нь “нэмэх тэмдэгтэй” асуултууд байх болно.

Илтгэл дээр чинь “Их сайхан илтгэл байна, гол асуудлуудыг маш зөв гаргасан байна, шийдэх арга замуудыг ч сайн үзүүлсэн байна” - гэх утгатай цохолт хийгдсэн байвал шампанск онгойлгохоо түр азна, цааш нь унш. Хэрэв цааш нь “2 - 3 асуудал дээр жаахан нэмж ажиллах шаардлагатай” - гэж бичсэн байвал та шампанск ууж болно оо, бүр хэдийг ч ууж болно, харин дараа нь илтгэлээрээ онгоц хийгээд нисгээрэй, танд дахиж хэрэг болохгүй, тэр илтгэл.

Хэрэв таны бичиг баримтан дээрх гарын үсэг үзгээр биш, тамгаар тавигдсан байвал тухайн албан тушаалтан амиа хамгаалж байна гэж ойлго. Энэ баримт дээр болгоомжлох зүйл байна гэсэн үг. Дараа нь “ороогдох” юм бол “мэдэхгүй, би үүнийг анх удаа харж байна, миний тамгыг хулгайлаад дарчихсан байна”, - гээд мултарч болно. Би ч дарга байхдаа гарын үсэгний оронд тамгаа тавих тохиолдол их гардаг байсан. Надад таалагдахгүй байгаа олон “эвгүй цаасан” дээр зөвшөөрөл тавихаас өөр аргагүй байдалд ордог байсан юм. Зөвшөөрөхгүй бол амьдаараа идүүлэх учраас гарын үсгээ биш тамгаа дараад өгчихдөг байлаа.

Ирсэн бүх бичгийг шүүгээнийхээ доод хайрцганд долоо хонуулах хэрэгтэй: Дээрээс ирсэн бүх даалгаврыг биелүүлэх гэж зүтгэх юм бол удахгүй галзуугийн эмнэлгийн өвчтөн болох болно. Харин долоо хоногийн дараа өнөөх бичиг чинь дахиад ороод ирвэл одоо хөдөлж болно. Ирсэн бичигний 90% нь дахиж хэзээ ч "босч" ирдэггүй.

“Мэндлэх ёслол” гэж бас нэг айхтар нарийн дэг жаягтай асуудал бий. Нөлөө бүхий хүн бусадтай гар барьж мэндлээд таныг л орхичихов уу? Яагаад гэдэг нь чухал биш, харин энэ байдлыг бүгд анзаарч анхааралдаа авах болно гэдэг л чухал асуудал. Ийм байдлыг гаргахгүйн тулд, “объектын” харцыг бүр холоос “барьж аваад” өөр лүүгээ хөтлөх хэрэгтэй, ингэхдээ “Надтай гар бариарай, новш минь чи, надтай гар бариарай, үнсвэл бүр сайн шүү...” гэж түүний сэтгэлд шивнэнэ. Хэрэв нөлөө бүхий хүн таныг үнсэх юм бол та бурманд умбаж байгаа хүн гэдэг нь харагдана. За тэгээд “нөгөө новш чинь” чиний шивнээг сонсоод гараа сунгавал түүнийг нь ухасхийн барьж аваад, үнэнч нохойны харцаар харан гарыг нь сэгсэрч ирээд л мэндлэх хэрэгтэй. Мөрөө буулгахаа мартаж болохгүй. Мөрөө дэлгэсэн байдалтай байж хэрхэвч таарахгүй. Ер нь Цагаан Ордонд эрүү нь урагш, нуруу нь цэх явдаг хүмүүс бол цэргийнхэн л байдаг. Сурчихсан юм болохоор яаж ч болдоггүй шиг байгаа юм. Бусад хүмүүс бол бүгд өвдгөө бага зэрэг нугалсан байдалтай явна: “том” хүмүүстэй коридорт гэнэт тааралдчихвал түүнийг дээрээс нь харсан байдалтай мэндэлж болохгүй шүү дээ. Том дарга нар ихэнх нь намхан байдаг нь сонин. Ялангуяа дарангуйлагчид. Дэлхий дээр байсан бүх дарангуйлагчид намхан байсан байгаа юм. Тэгэхээр, өндөр хүнийг л том дарга болгож байвал зөв болох юм болов уу? За рост ч яахав дүүрч, харин улсын удирдагч болох хүсэлтэй хүмүүсийг заавал сэтгэцийн нарийн сорилтонд оруулж баймаар санагддаг юм. Би ойлгодоггүй юм: яахаараа нэг муу машин жолоодохыг хүссэн хүнээс ухаан санаа эрүүл гэсэн магадлагаа шаардаад, харин бүхэл бүтэн улсыг жолоодох хүний ухаан санааг шалгаж шинжилдэггүй хэрэг вэ? Хараажийн эрүүл ухаангүй хүмүүс манай улсыг үе үе жолоодох юм?

Бурхан намайг ростоор гомдоогоогүй ээ, өсгийтэй гуталтайгаа 180см гаруй болчихдог. Өсгийнөөс би хэзээ ч татгалзахгүй, галбир минь чухал. Бөхөлзөх ч дургуй болохоор би гэж нэг анааш шиг амьтан л Цагаан ордноор явдаг байлаа. Харин нэг удаа би “протокол барих” гэж инээдтэй юм болж билээ. 2000 онд, Константин Райкины жүжгэнд уригдаад, завсарлагаанаар тайзны ар руу, өрөөнд нь яваад орсон чинь Москвагийн алтан орой - Путин, Лужков, Никита Михалков нар байж байдаг байна шүү. Би ерөнхийлөгчтэй уулзах гээд ядаж байсныг хэлэх үү... Би тэр үед ерөнхий боловсролын асуудлаар ажиллаж байсан бөгөөд 12жилийн сургалтын эсрэг байсан юм. Юун 12 жил вэ, армийнхаа асуудлыг шийдэж чадаагүй байж байж? Сургуулиуд модоо барьчихсан байхад? Тэгээд ч 5-хан настай нялх амьтад 18-тай архайж тархайсан юмнуудын дэргэд байх нь яав ч зохисгүй гэж үзэж байсан юм, би. Тэгээд ерөнхийлөгчийг харуут л түүн рүү ухасхийлээ... гэтэл, толгойд харвасан сум шиг орж ирлээ: “чөтгөр гэж, би ийм өндөр өсгийтэй гуталтай, түүнээс өндөр болчихсон байж байдаг, болохгүй ш дээ, эвгүй...” Тэгсэн, өөрийн эрхгүй хоёр хөл маань шпагат суух нь холгүй алцайгаад, нэг өвдөг минь нугараад, нөгөө нь тэнийгээд ерөнхийлөгчтэй ижил өндөртэй болоотохлоо... Ерөнхийлөгч бид хоёр сайхан ярилцаад авсан шүү. Тэр миний бодолтой санал нийлсэн бөгөөд, ерөнхий боловсролыг 12 жилийн сургалттай болгох асуудал тэгсгээд чимээгүй болчихсон юм даг.

Амралт, чөлөөт цаг ч оросын түшмэлүүдийн хувьд бөөн тэмцэл, бөөн нерв... Концерт “үзэж” байгаа түшмэлийн бодол шаналал болсон царайг телевизийн оператор томоор харуулахад энгийн нэгэн сэхээтэн: ” Энэ их сайн хүн байх аа, Моцартын хөгжмийг ингэж ойлгож хүлээж авч байгааг бодоход...” - гэж хэлэх байх. Харин хэрэг дээрээ бол тэр түшмэлд Моцарт ер хамаа байхгүй, юун Моцарт манатай байгаа билээ. Тэрээр хажуу дахь хүнийхээ албан тушаалыг, сууж байгаа суудлынхаа зиндааг голон уйлах шахаад байж байгаа нь тэр. “Жулуудын” суудалд сууж байгаадаа л ингэж шаналж хачин царайлж байгаа юм, хөөрхий. 15-р эгнээнээс цааших бүх эгнээ болон захын суудлууд бол “жижиг гар болон амьтны доог” - уудын суудал болой. Туршлагатай төрийн түшээ үзвэрийн билет-урилга ирэнгүүт шууд харна: Хэддүгээр эгнээ байна? Долдугаар юу? Болж байна. Суудал нь? Нэг, хоёрдугаар суудал... Үзэхгүй ээ, тэгвэл...

Кремлийн хүлээн авалт, дайллага цайллаганы ширээний дугаар ч мөн адил, зиндааны дагуу хуваарилагддаг. Том хүлээн авалтууд хоёр танхимд хуваагдан явагддаг. Андреевский танхимд ерөнхийлөгчийн ойрын хүрээнийхэн, Георгиевскийд - холын хүрээнийхэн, жижиг гарууд найрлана. Танхимуудын хоорондох хаалганууд уриалгахан гэгч нь нээлттэй байх. Харин ууж идээд сэтгэл нь хөөрсөн ямар нэгэн генерал хайрт ерөнхийлөгчдөө баяр хүргэмээр санагдаад нөгөө танхим руу орох санаатай хаалга руу ойртвол “шалан доороос” баахан утас, холбооны хэрэгсэл болсон биоробот гарч ирээд гараа алдлаад “та тийшээ орж болохгүй” гээд оруулахгүй.

Тавиас доош дугаарын ширээнд сууж байгаа түшмэдүүд өөрийгөө доош орсонд тооцолгүй тайван найрлана. Түүнээс дээш дугаартай ширээнд сууж байгаа бол бөөн гомдол - бодол - шаналалд дарагдана. 1999 онд би албан тушаалаасаа огцорсноор кремлийн дайллага цайллаганд орогсдын нэрсийн жагсаалтаас автоматаар хасагдсан байсан үед нөхөр маань Кремлийн шинэ жилийн хүлээн авалтын урилга олоод ирсэн байлаа. Намайг сэргээнгээ амьтан хүнтэй уулзаж, өөрийнхөө ажил хэргийг бас бүтээчих санаатай байсан хэрэг. Би ч мэргэшсэн хүний хувьд шууд л ширээний дугаарыг сонирхлоо: 84 гэж байна. Яав ч явж болохгүй, шалны хүрээнээс доогуур орох нь байна ш дээ? Нөхөр маань заавал явна гээд болдоггүй, би “үгүй” гэж байснаа, гэнэт нөхрийгөө үг дуугуй дагадаг япон эхнэрийн ген маань сэрсэн юм уу бүү мэд, томоотой нь аргагүй хамт явж билээ...

Үргэлжлэл бий...

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
Зочин

уншив таалагдав дахиад оруулаарай өөрөө бичээд байгаа юу копи пааст бол хурдан оруулаарай юутай ч баярлав хө сонирхолтой юм

дурлагч

Ёстой жинхэн улс төр дах Сээгс байнадаа. Энэ улс төрч эмэгтэй Оросдоо нилээн нэр хүндтэй гайгүй улс төрч гэгддэг хүн байлаа. Одоо тэгээд улс төрөөс гарсан гээд хамаагүй бичиж байгаам байналдаа. Манайд ч гэсэн иймэрхүү юм байгаа даа.

Ариунбаяр

Энд бичцэн байсан бээшт хэхэ сори

Дээс...

сээгий устгадаг бээшд

Янзагахан

Десперадо хүний бичсэн юм хүндэлж уншчихаад ядаж ойлгочихоод наад балиар үгээ бичээч... Чи юу бичсэнээ мэджийгаа биздээ

gaaya (зочин)

Ta internetees mongo oldog talaar yamar bodoltoi baina http://www.orlogo.net/Register.aspx?user=Gaaya0428 gesen hayagaar orood delgerengui uzeerei ta internetees mongo oloh bolno Mongol site shuu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com